Tuesday, November 17, 2009

түүхийн хичээлийн даалгавар


Сажа Бандид Гунгаажалцан Төвдийн Зан мужийн хүн. 1182 онд төрөөд 1251 онд нас баржээ. Энэ өгүүлбэр нь XIII зууны эхний үед Субашид буюу “Эрдэнийн эх” гэх гүн ухааны сургаалт шүлэглэлийг зохиосон алдарт эрдэмтэн Сажа Бандидын эхлэл ба төгсгөлийн цэгийг өгүүлсэн он тоолол юм.Сажа Бандидыг XIII зууны дундуур Өгөдэйн хүү Годан Хөх нуурт нутаглаж байхдаа анх Монгол газар залсан гэдэг. Тэгэхэд Сажа Бандид ач хүүгээ дагуулж ирсэн. Тэр нь алдарт дөрвөлжин үсгийн зохиогч, Хубилай хааны номын багш Пагба лам болно. Энэ тухай яах гэж өгүүлсэн бэ гэвэл Монгол, Төвд, Энэтхэг нь эртнээс номт гурван улс хэмээн нэрлэгдэж гэгээрлийг үлэмж олж, огоорлыг тэр мэт гээж явсан ард түмнүүд гэдэг. Шарын шашны гэгээрсэн мэргэд арвандөрвөн далай лам жанч халж залгамж авснаар Азийн хөрснөө төрсөн нь номч гурван улсын нэг Монголд ямар падтайг өгүүлж, Эрхэм гэгээн, дээдийн их хутагтуудын товч намтартаа хамтатган үг юугаа хэлэх нь зөв мэт.
Анхдугаар Далай лам Гэндэндүв
1391-1474 оны хооронд амьдарсан. Хүүхэд насны нэр нь Бадамдорж. 15 насандаа Нартан хийдэд лам болон Гэцэлийн сахил хүртэв. Хорин насандаа гэлэн сахил авч, Гүнсүмбэ багшид шавь орж гүн ухаан судалсан байна. Энэ үед Зонхова Лувсандагва (1357-1419) өмнөд Төвдөд шарын шашинг үүсгэж ихэд алдаршиж байв. Богд Зонхова Төвд орны тухайн үеийн захирагч Пагвадугвагийн засгийн номын хаан Дагважалцаны урилгаар ном тавьж байхад нь багшийн хамт очиж танилцжээ. Хэдийгээр цөөн жил Зонхова богдын сургааль сонссон боловч цаашид Зонхова богдыг залгамжилсан Гандан хийдийн ширээт лам Жалцавдарма Ринчен (1364-1432)-гээс сургааль ном үргэлжлүүлэн сонсч, судар тарнийн ёсонд гүнзгий мэргэн болсон байна. Анхдугаар далай лам нь Төвд Цан нутгийн Шигацегийн ойролцоо Дашлхүнбэ хийдийг байгуулж, Цанидын дацантай болж, түүний анхны хамба ламаар өргөмжлөгджээ. 1438 онд Гандан хийдийн (Төвдийн шашны гол суудал) ширээт лам Хайдавгэлэгбалсанг таалал төгсөхөд тус хийдийн хамба болгохыг хүссэн боловч тэдний үгийг хүлээж авсангүй. Тэрбээр 1474 онд 84 насандаа Дашлхүнбэ хийдэд жанч халжээ.
Хоёрдугаар Далай лам Гэндэнжамц
1476 онд Цан нутгийн Танай гэдэг газарт Улааны шашинт Гунгаажалцангийнд мэндэлжээ. Гэхдээ Сажа Бандидынд биш шүү. 3 насандаа Гэндэндүвийн хойд дүрээр тодорчээ. Тэр үед “Далай лам” гэдэг нэр үгүй байв. 11 насандаа Дашлхүнбэ хийдэд залагдан, шашны анхны боловсрол эзэмшиж, 19 настайдаа Брайбун хийдэд ирж бүрэн гүйцээж төгсгөжээ. Тэрбээр нутаг орноороо аялан, хэрэн бэдэрч номын буян үйлддэг байсан бөгөөд ингэж явахдаа 1509 онд Чойнхор Жалгун хийдийг үндэслэжээ. Энэ мэт өргөн түмэнд ойр байснаар Гэндэнжамцын нэр хүнд маш их өссөн бөгөөд Брайбун хийдийн Гандан ордонг байгуулав. Тэр ордонд 3, 4, 5 Далай лам нар заларч байсан бөгөөд хожим түүнийг V Далай лам Потала ордон болгож өргөжүүлсэн юм. Тэрбээр 1542 онд 67 насандаа Брайбун хийдэд таалал төгсчээ.
Гуравдугаар Далай лам Содномжамц
Лхасын ойролцоо Тйлунд 1543 онд Намжилдагвын гэр бүлд мэндэлж, дөрвөн насандаа тодорч, Брайвун хийдэд заларчээ. Долоон насандаа Брайвунгийн хамба лам Содномдагвад шавь орж гэцэлийн санваар авчээ. Тэрбээр 11 настайдаа Брайвун хийдийн хамба лам болжээ. Монголын Алтан хааны урилгаар 1578 оны 5-р сард Хөх нуурт ирж Алтан хаантай золгожээ. Алтан хаан энэ уулзалтын үеэр “Оройн дээд Очирдарь Далай лам” цол анх өргөснөөс хожим энэ нэр дэлхий дахинаа хүрч алдаршжээ. Содномжамц Далай лам Монголд шарын шашин дэлгэрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. 1583 онд Гүмбүм хийдийг үндэслэж, Богд Зонховын төрсөн нутагт шашин ихээр дэлгэрүүлсэн байна. Тэрбээр хоёрдахь удаагаа Алтан хааны урилгаар Монголд ирэх замдаа 1588 онд 46 насандаа таалал төгсчээ. Монголд шашин дэлгэрүүлсэн явдал нь Юань гүрний үед Сажа Бандида Гунгаажалцангийн үндэслэснийг үргэлжлүүлсэн хэрэг байв.
Дөрөвдүгээр далай лам Ёндонжамц
Монголын Алтан хааны жич хүү бөгөөд Сүмбэр Хунтайжийн гэрт 1589 онд мэндэлжээ. Ёндонжамц нь Далай лам нарын дотроос ганц монгол хүн байлаа. Далай лам Содномжамц Монголд нас барснаас болж түүний хойд дүр нь Монголд тодрох үндэс болсон байна. Энэ нь Монголд шарын шашин ихээхэн дэлгэрсний нотолгоо болно. Гандан, Брайвун, Сэрээ хийдийн лам нар зөвшилцсөний үр дүнд Далай ламын хойд дүр мөн болохыг баталжээ. Далай ламын нас балчир учир түдгэлзсээр 14 нас хүрмэщ Төвд оронд илгээсэн ажээ. Гандан хийдийн Ширээт лам Гэндэнжалцан нараар сургааль ном заалгаж судар, тарнийн ёсонд суралцжээ. 1615 онд Хятадын Мин улсын Ванли хааны урилгаар Нанжин хийдэд залагдаж, Төвдийн буддизмыг Хятадын онцлогт тохируулан бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрбээр Брайвун, Сэрээ зэрэг хийдийн хамба ламын үүргийг бусад ламуудын нэгэн адил гүйцэтгэж байгаад 1616 онд 28 насандаа таалал төгсчээ.
Тавдугаар Далай лам Лувсанжамц
1617 онд Өмнөд Төвдийн Үй мужийн нутагт төрсөн бөгөөд анхдугаар Банчин богд тодруулж Брайвун хийдэд залжээ. Энэ үед Төвдөд Гармагаржүд, Жононба салбарууд Шарын шашинтай тэмцэлдэж байсан учир Ойрадын Гүүш хаанаас Далай лам тусламж авч Монголын цэрэг Төвдөд орж, гурван орон (номт), арван гурван аймагт төр шашны эрхийг V Далай ламд эргүүлж өгчээ. Ингэж Далай лам Монголын Ойрадын тусламжтайгаар 1642 онд Гандан ордны засаг төрийг байгуулсан боловч үнэн хэрэгтээ Төвд орон Гүүш хааны мэдэлд байжээ. Урьдын Далай лам нар Брайвун хийдийн гандан ордонд байсан бол Ү Далай лам засгийн эрхийг авснаас хойш Төвдийн төр, шашны төвийг Лхаст шилжүүлж Ботала (Будалин) ордныг байгуулжээ. Тэрбээр Хятадын эзэн хаан Шүн Жигийн урилгаар 1652 онд Бээжинд уригдаж, Төвдийн их дөрвөн шашны сургаалийг таниулж ном тавьжээ. Тэрбээр 1682 онд 66 насандаа нас барсан ч Ерөнхий сайд Санжаажамц хэдэн жил Төвд ордныг захирсан байна.
Зургаадугаар Далай лам Цаньянжамц
Өмнөд Төвдийн Лахгилсүм гэдэг газар 1683 онд мэндэлжээ. Түрүүчийн Далай лам нас барсны дараа Ерөнхий сайд Санжаажамц түүнийг урьдын Далай ламын дүр хэмээн таньж, маш нууцаар ордонд авчран боловсрол олгожээ. Харин олон нийтэд 1696 онд сая V Далай лам нас барсан нь ил болсноор Цаньянжамцыг 1697 онд 14 настайд нь Лхасын Бодалад албан ёсоор залж баталжээ. Цаньянжамц нь яруу найраг бичдэг, эхнэр авсан, архи дарснаас татгалздаггүй байснаараа бусад Далай лам нараас ялгардаг бөгөөд Бодалын дотоод ордноос гадна Лхас хотод наргиж цэнгэдэг байсан гэдэг. Цаньянжамц лам 24 настайдаа нас барсан гэх боловч 1746 он хүртэл Монгол нутагт амьдарч байсан гэх нь бий. Түүнийг худлаа нас баруулахад 1707 онд Манж нарын хатгаасаар Төвдийн Лхасын хаан Ишжамц гэгчийг VI Далай лам гэж өргөмжилсөн боловч Төвдийн хар, шар ард түмэн хуурамч гэж үл хэрэгсэж байжээ.
Долоодугаар Далай лам Галсанжамц
1708 онд Хамын Литэнд мэндэлжээ. 8 настайдаа хийдэд сууж, 9 настайдаа Гүмбүм хийдэд залагдсан байна. 1719 онд түүнийг өмнөх Далай ламыг жанч халсан нь үнэн гэж Далай ламд өргөмжлөхөд 12 настай байжээ. 1720 онд Бодала ордонд залагдаж, V Банчинбогдод шавь орж гэцэлийн санваар, хорин настайдаа гэлэнгийн санваар авчээ. Энэ үед Төвдийн язгууртнуудын дунд эрх мэдэл булаацалдсан тэмцэл гарч ширүүссэнээр барахгүй үргэлж үймээн самуунтай байх болов. Манжийн хаан энэ явдлыг улам дэвэргэж байсан бөгөөд Зүүнгарын монголчууд эсэргүүцэн тэмцэж магадгүй учир Далай ламыг хэсэг зуур Лхасаас шилжүүлэн Зүүн гар, Манж хоёр найрамдлын гэрээ байгуулсны дараа сая Лхаст буцааж ирүүлжээ. 1751 онд Манжийн захиргаа Төвдийн талаар шинэ хууль гаргаж, Ерөнхий сайдын албан тушаалыг буулгаж, Манжаас Төвдийг шууд удирдах засаг байгуулж, монголчуудтай харилцаа тогтоохыг хатуу хориглосны дараа Далай ламд засгийн эрхийг өгчээ. VII Далай лам 1757 онд тавин насандаа таалал төгсөв.
Наймдугаар Далай лам Жамбалжамц
Умард Төвдийн нэгэн язгууртны гэрт төржээ. 5 настайдаа Далай ламын хойд дүрээр тодрон Бодала ордонд заларчээ. 1781 онд Манжийн хааны зарлиг ёсоор Төвдийн засгийн эрх барих болжээ. VI Банчин богдыг 1780 онд Бээжинд залрахад Манж хаан үлэмж их алт, мөнгөөр шагнажээ. Банчин Богд тэр ондоо таалал төгссөн тул төрсөн ахынх нь хариуцдаг Дашлхүмбэ хийд юу ч үгүй хоосрон тоногджээ. Энэ үймээнийг Манж нар дарж өгсөн ба Далай лам дайнаас зугтан өөр газарт байгаад ордондоо эргэж ирсэн байна. VIII Далай лам 1804 онд Бодала ордонд таалал төгсчээ.
Есдүгээр Далай лам Лүндэгжамц
1805 онд Хамд төржээ. Гурван настай байхад нь Далай ламын хойд дүр хэмээн таньж тодруулан Лхаст авч иржээ. Тэрбээр 4 настай 1808 онд Бодала ордонд ширээнээ заларсан байна. 1811 онд Жирун хэмээх улс төрийн зөвлөх нь нас барж, Төвдийн эрхийг Дилав хутагт барих болсон энэ үед Англи улс Энэтхэгийг эрхшээлдээ авч Төвд рүү довтлохоор бэлтгэж байлаа. IX Далай лам, Далай лам нарын дотроос хамгийн бага насалж 1815 онд Бодала ордондоо таалал төгсчээ.
Аравдугаар Далай лам Цүлтэмжамц
1816 онд Хам мужийн Литанд төржээ. 1822 онд Далай ламыг Лхасын Бодала ордонд шалгаруулан сонгосон байна. Тэрбээр Нитан хийдэд байхдаа Банчин богдод шавь орж гэцэл санваар авсан. Мөн тэр жилдээ Бодала ордон ширээнээ заларчээ. X Далай лам 13 настайдаа Брайвун хийдэд ном үзэж, 18 насандаа Банчин богдоос гэлэн санваар хүртэж байсан ч засгийн эрх барьж байсангүй. 22 настайдаа 1837 онд таалал төгсчээ.
Арваннэгдүгээр Далай лам Хайдавжамц
1938 онд Гадад хэмээх газар чинээлэг айлд төржээ. 1841 онд Далай ламын дүрд сонгогдож, 1842 онд Лхасын Бодала ордонд ширээнд заларчээ. Тэрбээр 9 настайдаа 1846 онд Банчин богдод шавь оржээ. 1852 онд Төвдөд суугаа сайдын хамтаар Сэра, Брайвун, Галдан зэрэг хийдүүдэд ном тавьж явжээ. Манжийн Түгээмэл элбэг хаан 1855 онд зарлиг буулгаж Далай ламд засгийн эрхийг тушаасан байна. Гэвч удалгүй тэр жилийн сүүлчээр Бодала ордноо таалал төгсчээ.

Арванхоёрдугаар Далай лам Пэрэнлэйжамц
Төвдийн Улха гэдэг газар төржээ. 1858 онд Далай ламын хойд дүрээр таньж, Банчинбогд бага (Шинээр тодорсон) байсан тул Галдан ширээт Лувсанчанравваанчигт шавилан гэцэл санваар авчээ. Далай лам 1878 онд засгийн эрхээ авсны хойно гурван их хийд Сэрээ, Брайвун, Ганданд мөргөл хийж, ном айлдаж явсан аж. Ингээд 1874 онд буцаж иржээ. Далай лам Пэрэнлэйжамц 20 насандаа 1875 онд Бодала ордонд таалал төгсчээ.
Арвангуравдугаар Далай лам Түвдэнжамц
1874 онд Лхаст ойрхон Ландүн тосгонд төржээ. Далай ламын дүрд танигдсаны дараа 1877 онд Лхаст залжээ. 1879 онд Бодала ордонд ширээнд залах их ёслол үйлдэв. Түүнийг төрийн эрх барих үед гарсан гол өөрчлөлт гэвэл Манжийн оролцоо сул болж, нөгөө талаас англичуудын санаархал ихэсч байв. 1895 онд 20 настайдаа Засгийн газраа бүрэн хянах болов. Английн цэрэг 1904 онд Лхаст орсноор Монголд ирж Оросоос тусламж авахыг зорьсон боловч Орос-Японы дайн болж байсан учир аргагүйн эрхэнд буцжээ. Хэдэн жил Далай лам Хятадын нутгаар аялж 1909 онд буцав. Удалгүй Хятадын цэрэг Төвд рүү орсон учир Энэтхэг явжээ. 1911 оны хувьсгалын дараа Манж Чин улс унаж, Далай лам Төвдөд эргэн ирж, Үндэсний тусгаар тогтнолоо зарлав. Тэрбээр Европ-Японы загвараар санхүү, цэрэг, засаг захиргааны өөрчлөлт хийж Төвдийг орчин үеийн улс орон болгоход анхаарчээ. Харамсалтай нь Төвдийн тусгаар тогтнолыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөгүйд ихэд сэтгэлээр унаж явсан бөгөөд 1933 онд таалал төгсчээ.
Арвандөрөвдүгээр Далай лам Данзанжамц
Энэ хүнийг энэ цаг мөчид мэдэхгүй хүн үгүй. Төвдийн тусгаар тогтнол, даян дэлхийн энх тайвны төлөө тэрбээр ухамсарт амьдралаа зориулж Нобелийн шагнал хүртсэн билээ. Тэр Амдод мэндэлжээ. Данзанжамц олон тооны лам нар болон Тэжан ба Лин Ренбүүчийгээс Бурханы шашныг судалжээ. Түүнийг балчир тул Ратан Ренбүүчий төлөөлөн засаг барьж байжээ. Бас дараа нь Дадаг Ренбүүчий төрийн эрхийг барьжээ. Төвд орон Хятадын хувьсгалын дайралтыг тэсвэрлээгүй бөгөөд Далай лам Хятадын коммунистуудтай 1954 онд хэлэлцээр хийн ард түмэндээ хандан Хятадын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг уриалж, удахгүй Бээжинд айлчилж Мао-Зэ-Дунтай уулзжээ. Дараа нь Энэтхэгт ирж Бурхан багшийн 2500 жилийн ойд оролцож дэлхийн Бурханы шашинтнуудтай найрсаг харилцаа тогтоожээ. Нэг талаар Далай лам Бурханы шашинд үнэнч байсан боловч нөгөө талаар хятадууд марксизмаар хичээл зааж эхэлсэнтэй холбоотойгоор 1959 оны 3-р сард зуун мянган төвдүүдтэй хамт Гималай уулыг даван Энэтхэгт гарч Дарамсала хэмээх багавтар хотод сууж, Засгийн газар байгуулж, шашин төрийн асуудлыг дахин эрхлэх болжээ.

No comments:

Post a Comment

Холболт