Sunday, April 11, 2010

О.Дащбалбар: Тэнгэр шиг бай



Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…

Аз жаргал гуйлгачин шиг



Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зурагтөөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга
Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм
Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа…

Хорвард

Сайхан сэтгэлээ гэж…

Гарчиггүй бичлэг
Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө. Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.
Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон … бас мартаагүй нэр … Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ хагалгаа үйлчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал Олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн.” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Холболт